Library

Дэлхийн Эдийн засгийн хямралын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө: Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны II хагас жилийн тайлан/

Зохиогч: Б.Түвшинтөгс

Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум

Хэл:

Түлхүүр үгс: санхүүгийн хямрал, Монгол улс, үнэт цаасны зах зээл, банкны систем, мөнгөний бодлого, ОУВС, инфляци, зээл хадгаламжийн хүү

Огноо: 2010-02-26

• Тайлант оны хоёрдугаар хагаст манай банк, санхүүгийн салбар ерөнхийдөө тогтворжиж эхэлсэн ч анхаарал татсан асуудлууд цөөнгүй байна. Нэг талаас мөнгөний хатуу бодлого явуулсан, нөгөө талаас бодит эдийн засаг зогсонги байдалд орсон нь нийт эрэлтийг бууруулж улмаар инфляцийн түвшин буурсан нь макро эдийн засаг тогтворжих угтвар нөхцөл болж өглөө. 2009 оны эцсийн байдлаар жилээр тооцсон инфляци 4.2 хувьд хүрчээ.

• Манай улсын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ зөвхөн хоёрдугаар хагаст 31.6 хувиар өсч 620 тэрбум төгрөгт хүрсэн нь үнэт цаасны зах зээл тогтворжиж байгаагийн шинж тэмдэг юм. Энэхүү тогтворжилт нь макро эдийн засгийн тогтворжилттой голчлон холбоотой гэж үзлээ.

• Өнөөгийн санхүүгийн зах зээл болоод бодит эдийн засагт гарч байгаа хүндрэл, бэрхшээлүүд гадаад худалдааны нөхцөл муудсантай холбоотойгоор эхэлсэн ч сүүлийн жилүүдэд төрөөс баримталж ирсэн бодлогууд энэхүү хямралын нөлөөллийг улам хурцатгаж эдийн засгийн хямралыг бий болгосон гэж үзэж байна. Тийм ч учраас бид өмнөх хагас жилийн тайландаа төсөв, сангийн болоод мөнгөний бодлогууд эдийн засгийн халалттай үед түүнийг улам дэвэргэсэн нь өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг үндсэндээ үүсгэсэн гэж үзсэн.

• Манай гол экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ 2009 онд өсөх хандлагатай байсан нь гадаад худалдааны алдагдлыг бууруулахад нөлөөлсөн. Тайлант оны хоёрдугаар хагаст худалдааны алдагдал тууштай буурч оны эцэст 230 сая ам.доллар болсон нь төгрөгийн ханшид үзүүлэх дарамтыг бууруулсан юм. Нэгэнт гадаад сөрөг нөлөөлөл ийнхүү буурч эхэлсэн нь мөнгөний бодлогоор дамжуулан макро эдийн засгийн тогтворжилтыг бий болгох боломжийг бодлого боловсруулагчдад олгосон.

• Банкны салбарын хувьд тайлант оны хоёрдугаар хагас нэлээд өрнөл ихтэй байлаа. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хувийн жин өсч 22 хувьд хүрсэн нь энэ салбарыг эрсдэлд оруулсаар байна. Бодит эдийн засаг буурч, банкуудын зээлийн эрсдэл өссөнтэй холбоотойгоор банкууд бодит эдийн засаг руу шинэ зээл бараг гаргахгүй байна. 2009 онд банкуудын дотоод зээл дөнгөж 12 тэрбум төгрөгөөр л өссөн бөгөөд банкуудын зээлийн эрсдлийн сан 327 тэрбум төгрөгт хүрсэн нь банкууд их хэмжээний алдагдал хүлээж байгааг харууллаа.

• Нийт банкны системд эргэлдэж буй хөрөнгө 0.7 их наяд төгрөгөөр өсч дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны системийн нийт хөрөнгө ийнхүү өссөн байхад дотооддоо зээл олгохгүй байгаа нь банкууд үйл ажиллагаанаасаа алдагдал хүлээж байгаа, зээлийн эрсдэл өссөнтэй холбоотой. Банкууд дотоод зээл гэхээсээ илүү гадаад актив болоод төв банкны үнэт цаас худалдан авч хөрөнгөө байршуулах болсон нь харагдаж байна.

• 2009 оны 12 дугаар сарын байдлаар гадаад цэвэр актив 1.5 их наяд төгрөг болж, 2008 оны эцэстэй харьцуулбал 0.86 их наяд төгрөгөөр буюу 2.2 дахин өсчээ. Монголбанкнаас идэвхитэйгээр явуулж буй гадаад валютын ханшны болоод улсын гадаад валютын цэвэр нөөцийн талаарх бодлогууд нь Монголбанкны гадаад цэвэр активыг их хэмжээгээр өсгөхөд нөлөөлсөн нь тодорхой харагдаж байна.

• Төв банкны тэнцлийн актив талд гадаад актив нэг их наяд төгрөгөөр өссөн нь Монголбанкны гадаад валютын нөөцийн хуримтлалаа өсгөх бодлого баримталсантай холбоотой. Тэгвэл энэхүү өсөлт хэрхэн бий болсон талаар тус тэнцлийн пассив талыг харвал Төв банкны үнэт цаасны (ТБҮЦ) үлдэгдэл 0.27 их наяд төгрөгөөр, гадаад пассив 0.34 их наяд төгрөгөөр, Засгийн газрын хадгаламж 0.5 их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Монголбанк гадаад валютын нөөцөө өсгөхийн тулд ТБҮЦ гаргах, Засгийн газрын хадгаламжаар санхүүжүүлэхээс гадна ОУВС-аас зээл авсан байна.

• Монголбанкнаас тайлант оны хоёрдугаар хагаст мөнгөний тэлэх бодлого явууллаа. Оны эцэст мөнгөний нийлүүлэлт 26 хувиар өссөн нь үүнийг харуулж байна. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү өссөн нь гадаад валютын нөөцөө өсгөх гэсэн Монголбанкны бодлоготой холбоотой гэж үзлээ.

• Ерөнхийдөө мөнгөний нийлүүлэлтийг өсгөх нь эдийн засгийн өсөлт авчрахад түлхэц болох хэдий ч өнөөгийн явуулж буй мөнгөний бодлогод анхаарах зүйл байна. Зарим бодлого боловсруулагч болоод эдийн засагчид мөнгөний бодлого нь бодит үйлдвэрлэлийг дэмжих, гадаад валютын ханшийг тогтвортой барихад чиглэгдэх хэрэгтэй гэж үзэх нь элбэг. Бодит амьдрал дээр Монголбанк заавал аль нэгийг нь сонгох ёстой болдог. Бидний ойлгож байгаагаар Монголбанк үнийн өсөлтийг хязгаарлахад л гол анхаарлаа хандуулах ёстой санагдаж байна. Түүнчлэн, валютын ханшны болоод гадаад валютын нөөцийн бодлогууд мөнгөний бодлогоосоо урьтаж явагдаад байгаа нь олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг анхаарах шаардлагатай. Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах явдал нэн тулгамдсан асуудал болоод байгааг тэмдэглүүштэй. Валютын ханшны бодлого нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах бодлоготой зөрчилддөг тал бий. Түүнчлэн, мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах бодлого нь бодит эдийн засгийн өсөлт болон үнийн өсөлтийн тэнцвэрийг хангахад чиглэж байх учиртай. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөх замаар бодит эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж зорьвол үнийн өсөлтийг давхар бий болгодог. Иймэрхүү сонголтуудтай Монголбанк байнга тулж байгаа ч гол зорилгоо тодорхой, нэг мөр зааж өгөхгүй байгаа нь мөнгөний бодлогын үр нөлөөг тогтооход хүндрэл учруулж байна. Энэ асуудалтай холбоотойгоор макро эдийн засгийн цаашдын тогтворжилтын асуудал давхар хөндөгдөж байгаа гэдэг нь тодорхой. Тийм учраас нэг боломжит хувилбар бол мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг “онилох” бодлого баримталж болно гэж бид үзлээ.

• Монголбанкны үйл ажиллагааны зорилготой холбоотой нэг чухал сэдэв бол төв банкны үйл ажиллагааны хараат бус байдал. Сүүлийн жилүүдэд мөнгөний зах зээл дээр өрнөсөн үйл явцуудыг харахад Монголбанк хараат бус үйл ажиллагаа тэр болгон явуулж чадахгүй байна. Хараат бус байдлыг сайжруулахын тулд тус байгууллагын үйл ажиллагааны гол зорилгыг маш тодорхой, ойлгомжтой болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

• Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жилээр гаргаж өгөхөөс гадна дунд болоод урт хугацаанд бас гаргаж өгөх нь зүйтэй санагдаж байна. Мөнгөний бодлогын залгамж холбоог энэ байдлаар хангаж өгөх нь үнийн хүлээлтэд нөлөөлөх нэг арга зам юм.

• Сүүлийн жилүүдэд нэрлэсэн хадгаламж, зээлийн хүү өндөр, мөн буурахгүй байгаа талаар их ярьж байна. Зээлийн хүүг бууруулах гол арга зам бол инфляцийг дунд хугацаанд бага түвшинд барьж, инфляцийн талаарх хүлээлтийг бага байлгахад оршино. Өөрөөр хэлбэл, банкуудын санхүүгийн эх үүсвэр хязгаарлагдмал байгаа учраас өндөр хадгаламжийн хүү амалж байна. Хэрэв банкуудын хадгаламж өнөөгийнхөөс өндөр түвшинд байсан бол хадгаламжийн хүү бага байх нөхцөл бүрдэнэ. Гэтэл хүмүүсийн хадгалах сонирхол бодит хүүнээс шалтгаална. Бодит хадгаламжийн хүү өндөр байх тусам хүмүүсийн мөнгөө хадгалах сонирхол өснө. Тийм ч учраас инфляцийн түвшинг бага түвшинд байлгах нь бодит хүүг өсгөхөөс гадна хүмүүсийн хадгалах сонирхлыг бий болгоно. Дунд хугацаанд инфляци болоод инфляцийн хүлээлттэй тууштай тэмцэх замаар зээлийн хүүг бууруулах боломжтой юм.

• Мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэлд өмнөх жилүүдийнхээс ялгагдах зүйл бага байна. Тус чиглэлийн 1.2-т “гадаад валютын нөөцийг хамгаална” гэж зааж өгсөн нь мөнгөний бодлогыг нэг тийш нь шийдэх зөв заалт болж өгчээ. Монголбанкнаас гадаад валютын захад идэвхийлэн оролцож байгаа нь мөнгөний бодлогынх нь нөлөөллийг дарж буй юм. Тэгвэл энэ заалтын дагуу гадаад валютын нөөцөө их хэмжээгээр зарахыг нь УИХ хааж өгчээ гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, валютын ханш хэлбэлзэх боломж олгож байгаа гэж болно. 2009 оны эхний хагаст олон нийтийн хувьд аль банкууд хүндрэлд орсон, чухам хэр гүнзгий хямралд өртсөн, цаашид хэрхэх зэрэг нь тодорхойгүй байсан учраас хадгаламжаа нийтээрээ татах бодит аюул банкны системд тулгараад байсан. Үүнийг эсрэг Улсын Их Хурлаас нийт харилцах, хадгаламжид баталгаа гаргасан нь энэхүү эрсдлийг бууруулсан нь тодорхой байна. Түүнчлэн, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь сайжруулах зорилгоор Монголбанкнаас банкуудад 256 тэрбум төгрөгийн зээл олгож, хоёр банкинд Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 40 тэрбум төгрөг байршуулсан нь байдлыг намжаахад тусалсан. Монголбанкнаас банкуудад олгосон зээлийн үлдэгдэл 2008 оны эцэст 224 тэрбум төгрөг байсан бол 2009 онд 191 тэрбум төгрөг болж буурчээ.

• Хоёр банк үйл ажиллагаагаа зогсоосон нь банкны салбарыг нэлээд цочролд орууллаа. Эдгээр хоёр банкнаас үүсэх алдагдлыг төрөөс даах болсон нь ёс суртахууны эрсдлийг өөгшүүлж байна. Банк, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хяналтын тогтолцоог ч гэсэн боловсронгуй болгох цаг аль хэдийнэ болжээ. Ялангуяа, банкуудын үйл ажиллагааг хянах хяналтын тогтолцоог зах зээлийн механизмд ойртуулж өгөх бололцоо байна гэж үзлээ. Тухайлбал, хадгаламжийн даатгалын тогтолцоог хэвшүүлбэл дээр дурдсан ёс суртахууны эрсдлийг багасгахаас гадна өнөөгийн банкны хяналтын тогтолцооны сул талыг давхар шийдэх боломжтой харагдаж байна.

• Тайлант онд банкны салбарт гарсан нэг шинэлэг зүйл бол Монгол Шуудан банк, Хадгаламж банк нэгдэх шийдвэр гаргасан явдал юм. Тус банкууд нийлснээр үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах замаар өргөжилтийн үр өгөөжөөс давуу тал олох боломжтой гэж банкны хувь нийлүүлэгчид нь үзжээ. Банкууд нэгдэх үзэгдэл нь барууны орнуудад түгээмэл ажиглагддаг үйл явц хэдий ч том банкууд иймэрхүү нэгдэх үйл явцад оролцоод эхэлбэл банк, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг өсгөх биш харин ч бууруулна.

 

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид