Library

Дэлхийн Эдийн засгийн хямралын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө: Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны эхний хагас жилийн тайлан/

Зохиогч: Б.Түвшинтөгс

Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум

Хэл:

Түлхүүр үгс: санхүүгийн хямрал, Монгол улс, үнэт цаасны зах зээл, банкны систем, мөнгөний бодлого, төлбөрийн тэнцэл, гадаад актив, дотоод актив, инфляци, дотоодын зээл

Огноо: 2009-02-19

Сүүлийн дөрвөн жилд баримталсан мөнгөний тэлэх бодлого үнийн огцом өсөлтийг бий болгосон. Үнийн өсөлт нь эдийн засгийн тогтворгүй орчныг бий болгож улмаар нийгэм, эдийн засгийн илүү гүнзгий хямралыг бий болгох тул мөнгөний хатуу бодлого баримтлах шаардлагатай болж, 2008 оны эхнээс баримталж ирсэн.

Хямралын эхний шинж тэмдэг нь гадаад худалдааны огцом алдагдлаас үүдэлтэй валютын ханшны хүчтэй хэлбэлзэл байлаа. Монголбанк валютын ханшны хэлбэлзлийг багасгах зорилгоор валютын нөөцөө зарах замаар эдийн засаг дахь валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, төгрөгийн нийлүүлэлтийг бууруулсан. Харамсалтай нь энэ замаар 0.5 тэрбум ам. доллар зарсан боловч валютын ханш төдийлөн тогтворжоогүй.

Валютын ханшийг тогтворжуулах бодлого нь мөнгөний хатуу бодлоготой нийцэж байсан. Гэвч Монголбанкны үндсэн зорилго нь үнийн өсөлтийг бага түвшинд барих явдал. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого нь үнийн өсөлтөөр тодорхойлогдох ёстой атал Монголбанк гадаад валютын захад ийнхүү идэвхийлэн оролцсон нь мөнгөний бодлогын талаарх олон нийтийн ойлголтыг төөрөлдүүлэх алхам болсон гэж үзэж байна. Валютын нөөц огцом буурсан тул Монголбанк бодлогын хүүгээ өсгөх замаар хатуу мөнгөний бодлогоо 2009 оны эхний хагаст үргэлжлүүлсэн. Инфляцийн түвшин буурч 2009 оны 5 дугаар сарын байдлаар 7.4 хувьд хүрсэн. Суурь инфляци жилийн 13 хувьтай өндөр хэвээр байгаа, манай орны инфляци улирлын хэлбэлзэлд өртөмтгий зэргийг бодолцоход мөнгөний бодлогоо зөөлрүүлэх нь арай эрт байна гэж үзэж байна.

Энэхүү тайлангийн бодлогын гол зөвлөмж нь мөнгөний бодлого тууштай явагдаж үнийн өсөлтийг хяналтандаа авах нь зүйтэй гэж үзэж байгаад оршиж байна. Инфляцийг урт хугацаанд бага түвшинд барихын тулд Монголбанк үйл ажиллагааны зорилтоо 2-3 жилээр тогтоож, түүнийгээ туйлбартай хэрэгжүүлэх нь зүйтэй санагдаж байна. Одоогийн эдийн засгийн мөчлөг дагасан шинжтэй мөнгөний бодлого хэвээр үргэлжилбэл цаашид ч инфляцийн эрсдлийг бий болгосоор байх болно. Олон нийтийн дунд ч мөнгөний бодлогод итгэх итгэл сулрах талтай. Тухайлбал, мөнгөний хатуу бодлого зарласан хэрнээ Mонголбанкнаас банкууд болоод Засгийн газарт зээл олгосон нь баримталж буй бодлогынх нь эсрэг арга хэмжээ болжээ.

2009 оны эхний хагаст банкуудын зээлийн багцад чанарын огцом бууралт бий болсон. Нийт олгосон зээлийн 18 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл байгаа нь банкны салбарын ойрын ирээдүйг бүрхэг болгож байна. Монголбанкнаас энэ чиглэлээр банкуудыг өөрийн хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан. Хэдийгээр энэ бодлого нь банкуудын зээлийн эрсдлийг даах чадварыг өсгөж байгаа ч зээлийн чанарт нөлөөлөхгүй. Бидний үзэж байгаагаар ямар нэг бодлогоор дамжуулан зээлийн чанарыг шууд сайжруулах бололцоо хомс юм. Бодит эдийн засаг тогтворжиж байж зээлийн багцын чанар сайжирна.

Тиймээс банкуудад хадгалагдаж буй иргэд байгууллагуудын хөрөнгийг зах зээлд суурилсан механизмаар хамгаалж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, банкууд дахь хадгаламжийн даатгалын тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Эцэст нь иймэрхүү зээлийн чанарын бууралт манай орны банк санхүүгийн системд 90-ээд оны эхэн үеэс дунд үе хүртэл тохиолдож байсан. Монголбанк иймэрхүү хүндрэлийг даван туулах чадвар, туршлагатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Хуваалцах: Share Twitt Share

Шинэ мэдээ, мэдээлэл

Манай харилцагчид