Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны
дагуу 2010 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2011-2012 оны төсвийн төсөөллийг төсвийн болон макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны бодлого, зорилтыг тодорхойлох замаар боловсруулав. Засгийн газрын дунд хугацааны зорилтууд, Засгийн газраас 2010 онд төлөвлөсөн төсвийн урсгал зардал болон орлогын хэмжээ, хөрөнгө оруулалт, төсвийн нийт болон урсгал тэнцэл, тэдгээрийн талаар дараагийн 2 жилд тавих зорилтыг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойллоо. Түүнчлэн дунд хугацааны бодлогын зорилтуудыг “МХЗ-уудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр баталсан хөтөлбөр” болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулав. Төсвийн хүрээний мэдэгдэлийн төсөлд тусгасан макро эдийн засгийн өсөлтийн тооцоо, нийгмийн халамж, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бодит салбарын хөгжлийн зорилтуудыг олон улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн болон цаашдын төлөв байдал, гадаад худалдааны орчин огцом өөрчлөгдөж байгаа хандлага, эдгээрийн нөлөөллийг харгалзан шинэчлэн тодорхойлсон болно. Ийм учраас Төсвийн хүрээний энэ удаагийн мэдэгдлийн эдийн засгийн өсөлтийн тооцоо нь Засгийн газрын үйл ажиллагааныы хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тодорхойлсон түвшнээс буурч гарахаар байна. Түүнчлэн бодлогын зарим зорилтыг нилээд онцлогтой, уян хатан хэрэгжүүлэхээр тодорхойлж байгаа юм. Дунд хугацааны зорилтууд нь дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэй манай санхүү, эдийн засгийн салбарын хүндрэл, бэрхшээлийг даван туулахад гадаад, дотоод нөөц бололцоог дайчлан, эдийн засгийн цаашдын тогтвортой өсөлтийг хангах, үйлдвэржүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлж, “Атрын 3 дахь аян”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна. Дунд хугацаанд эдийн засгийн бодит өсөлт 7.0-9.0 хувь байхаар байна. Төсвийн нийт алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2010 онд -4.0 хувь, дунд хугацааны эцэст -2.0 болгож бууруулахаар тооцлоо.