Монгол Улс 17 жилийн өмнө зах зээлийн эдийн засаг руу эргэлт буцалтгүй шилжсэнээс хойш манай улсад эдийн засаг дахь төрийн оролцооны тухай ойлголт нилээд өөрчлөгдөж, шилжилтийн явцад хуримтлагдсан өөрийн орны болон шилжилтийн эдийн засагтай бусад орнуудын туршлага, олон улсын практик, онолын мэдлэгээр баяжиж ирлээ.
Шилжилтийн эхэнд Монгол Улс зах зээл рүү нилээд зоригтой шилжиж эхэлсэн бөгөөд манай улсын богино хугацаанд зах зээлийн эдийн засгийн цоо шинэ эрх зүйн орчин бүрэлдүүлэх, үнэ чөлөөлөх, гадаад худалдааг либералчлах, төрийн өмчийг хувьчлах, хувийн хэвшлийг бий болгох зэрэг бодлогын шинж чанартай чухал алхмуудыг хийж, дэлхийн хүн төрөлхтөн, соёл иргэншлийн орчин үеийн мэдээлэл, хөгжингүй орнуудын туршлагыг асар хурдан эзэмших шаардлага зүй ёсоор тавигдсан юм.
Тухайн үед зах зээлд аажмаар шилжих үү, нэн хурдацтай шилжих үү гэсэн асуудал анхаарлын төвд байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд шинэчлэлийн гол хандлага нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн механизмыг төрийн зохицуулалттай оновчтой хослуулан хөгжүүлэхэд чиглэж байснаараа, манай улсын бодлогын сонголт нь эрчимтэй либералчлалын бодлого байсан гэж дүгнэж болно.
Зах зээлийн эдийн засагт шилжих олон хувилбар байдгийн дотроос манай улс сонгодог либералчи замыг сонгосон. Энэ шилжилтийн бодлогын онцлог нь эдийн засаг дахь төрийн оролцоог хамгийн бага байлгах, үнэ, худалдааг нэн даруй чөлөөлөх, зах зээлийн механизмд тулгуурлан хөгжих, төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд аль болохоор бага оролцож, хувийн хэвшлийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд оршиж байдаг. Энэ бодлого 1990- ээд оны үед нэгэн зэрэг бий болсон эдийн засгийн, байгалийн, нийгмийн хямралын хүнд үетэй давхардаж, манай улсын хувьд шилжилтийн эхний жилүүд нилээд хүнд жилүүд байсан боловч энэ бодлогын ерөнхий чиг шугам нь хадгалагдаж ирсэн юм.