Энэхүү судалгаа Монголын эдийн засагт сүүлийн жилүүдэд явагдсан хурдацтай өсөлт тогтвортой эсэх, “хэт халалт” бий болгож байгаа эсэх, энэ үед эдийн засагт сөрөг цочрол тохиолдвол макро эдийн засгийн хариу арга хэмжээ авах орон зай бий эсэхэд бодитой үнэлэлт өгөх зорилготой юм. Эдийн засгийн хэт халалт гэдэг бол үйлдвэрлэлийн хүчин чадал нийт эрэлтийнхээ хурдтай өсөлтийг гүйцэхгүй болсон үед үүсдэг. Харин бодлогын зай гэдэг бол эдийн засагт ямар нэг цочир өөрчлөлт тохиолдоход өрх гэрүүд хэрэглээгээ, бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа өөрчилснөөр хэлбэлзлийг улам хүчтэй болгох үед засгийн газар уг мөчлөгийг сөрж тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх нөөц бололцоо хэр байгааг харуулдаг.
Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засаг 2010-2012 онд хүчтэй халж байснаа 2013 оноос хөрж эхэлсэн. Монгол дахь эдийн засгийн бодлогын орон зай 2008 оны сүүл үеэс эрс хумигдсан бөгөөд эдийн засаг хөрч эхэлсэн 2009 оны үед ч хязгаарлагдмал хэвээр үлджээ. Түүнээс хойш бодлогын орон зай улам хязгаарлагдсан. Хэдийгээр сүүлийн үед бодлогын орон зай ялимгүй тэлж байгаа боловч хязгаарлагдмал хэвээр байна.