Монголын уул уурхайн салбар сүүлийн арав гаруй жил эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, гадаад валютын нөөцийн гол эх үүсвэр болж байна. Гэхдээ түүхий эд экспортлоход хүндрэл бэрхшээл тулгарсаар байна. Бусад бүтээгдэхүүнтэй адилаар, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох үйл явц дараах алхмуудаар дамждаг. Үүнд (i) худалдан авагчаа олж холбоо тогтоох, (ii) борлуулалтын гэрээ байгуулах, (iii) санхүүжүүлэх, (iv) тээвэрлэх, (v) хэлцлийг хаах.
Энэхүү судалгаагаар эрдэс түүхий эдийн экспортын үе шат бүрд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулж, тэдгээрийг шийдэх арга замыг тодорхойлохыг зорьсон. Түүхий эд бүр зах зээлийн үнэ тогтох онцлогтой. Энэ онцлогийг тодруулахын тулд судалгааны баг уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоод, салбарын экспертүүдтэй ярилцлага хийсэн. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нүүрс болон төмрийн хүдрийн экспортлогчид бусад түүхий эдийн зах зээлтэй харьцуулахад илүү хүнд сорилтуудтай тулгардаг ажээ. Тиймээс энэхүү судалгаанд нүүрс, төмрийн хүдрийн салбарын асуудлыг түлхүү авч үзэв.