2017 оноос хойших Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гүйцэтгэсэн “Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт” цуврал судалгаагаар, манай улсад ГШХО-ын орох урсгал хөрөнгө оруулалтын орчноос ихээхэн хамаарч байгааг тогтоосон. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулагчидтай үүсгэж буй маргаан, алдаатай бодлогын шийдвэрүүд нь хөрөнгө оруулалтын орчныг хамгийн их муутгадаг хүчин зүйлсийн нэг юм. Иймээс манай улсын ГШХО-ын дийлэнх нь төвлөрдөг уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэлт, гэрээний хэрэгжилтийг хангах институцийг сайжруулах арга замуудын талаар энэхүү энэхүү үргэлжлэл судалгаанд онцолж авч үзлээ.
Энэ үргэлжлэл судалгаанд эхлээд маргаан шийдвэрлэх арга замуудын талаарх олон улсын судалгааны тоймыг авч үзэв. Улмаар маргаан шийдвэрлэлтийн талаарх олон улсын жишээ, Монголын шүүхийн тогтолцоо болон Монгол дахь маргаан шийдвэрлэх жишээнүүдийг тодруулав. Тус судалгаанаас Монгол дахь гэрээний хэрэгжилтийг хангах байдал ерөнхийдөө сайн, маргаан шийдвэрлэхэд шаардагдах хугацаа богино байдаг боловч шүүхийн үйл ажиллагааны чанар хангалтгүй байгаа нь харагдлаа. Үүнээс гадна томоохон уурхайн маргаан ихэвчлэн засгийн газартай холбогддог бөгөөд олон улсын арбитрын оролцоо шаарддаг. Иймээс засгийн газар хууль эрх зүйн орчныг сайжруулах, ГШХО-ыг дэмжих бодлогуудаа хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарт баримталбал зохих үйл явцыг дагаж мөрдөх нь чухал.