Энэхүү судалгаанд Монгол Улсад уул уурхайн түүхий эдийн бирж байгуулах суурь урьдач нөхцөлүүд хэр бүрдсэн талаар хэлэлцүүлж, хэрвээ уг биржийг байгуулахаар шийдвэл ямар хувилбараар байгуулж болох талаар саналууд дэвшүүлсэн. Судалгааны багийн гүйцэтгэсэн өмнөх суурь судалгаа (ЭЗСЭШХ, 2018)-нд дүгнэснээр, Монголын экспортын гол түүхий эдүүдийг борлуулахад учирч буй бэрхшээлийн нэг нь арилжааны платформ, бирж байхгүйтэй холбоотой. Уул уурхайн бирж нь маркетинг, санхүү, эрсдэлийн менежментийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэс баялгийг биржээр арилждаг болсноор эцсийн үнээс үйлдвэрлэгчдэд ногдох хувь нэмэгдэх, борлуулалтын мэдээлэл ил тод болох, улсын төсөв нэмэгдэх давуу талтай. Монголын Экспортлогчдын Холбоо (2013) манай улсад уул уурхайн бирж байгуулах боломжтой гэж дүгнэсэн байдаг. Гэвч үүний тулд агуулах, логистикийн төв, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Мөн өнөөгийн санхүүгийн үйлчилгээний хөгжлийн түвшин болон макро эдийн засгийн орчин бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд доогуур байгааг анхаарах хэрэгтэй. Биржийг шинээр байгуулах тохиолдолд биржийн арилжааны программ хангамж, сүлжээний тоног төхөөрөмж зэрэг дэд бүтцээс гадна, арилжааг зохицуулах дүрэм журам, засаглал, зохион байгуулалт гэх мэт институцийг бүрдүүлэх, нэлээд олон хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр батлах шаардлагатай болно. Гэвч энэ талаарх Монголын хууль эрх зүйн орчин ойлгомжгүй, тогтворгүй байна. Мөн ур чадвартай боловсон хүчнийг бүрдүүлэх, арилжаанд оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх ажлууд зайлшгүй шаардлагатай. Эдгээр ажлууд ихээхэн цаг хугацаа, зардал шаардах тул нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, биржийг төрийн санхүүжилтээр байгуулах эсэхийг шийдэх нь зүйтэй. Мөн эдүгээ үйл ажиллагаа нь тогтворжсон Хөдөө аж ахуйн биржийг өргөтгөн эрдэс баялаг арилжаалах, эсвэл гадаадын нэр хүндтэй түүхий эдийн биржтэй хамтран байгуулах хувилбаруудыг харьцуулах шаардлагатай юм.