Дэлхий улсуудын практикт 1970-аад оноос хойш тохиолдсон бизнесийн мөчлөгийн том, жижиг уналтуудын ихэнх нь орон сууцны зах зээлийн уналтаас шалтгаалжээ. Хамгийн сүүлд буюу 2009 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийг хамарсан санхүүгийн хямрал ч мөн энэ шалтгаанаар бий болж, олон жилийн түүхтэй, том санхүүгийн институцүүд дампуурсаныг бид бэлхэнээ харсан билээ. Манай улсын хувьд орон сууцны зах зээлийн эрэлтийн талыг дэмжсэн бодлогыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ дотроос ипотекийн зээл буюу орон сууцны зээлийн бодлого эдийн засагчид, судлаачдын анхаарлыг гойд татаж, мөн маргаан дагуулдаг. Тухайлбал, 2012 оны 2-р сар, 2013 оны 4-р сар, 2016 оны 3-р сард Монгол Улсын Засгийн газар, Монголбанк журмыг нь баталж, олгож эхэлсэн 8, 5 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрүүдийн макро эдийн засагт үзүүлсэн нөлөөг судалсан судалгааны ажил одоогоор хийгдээгүй байна.