Өмнөх “Уул уурхайн салбар дахь маркетинг ба худалдаа” (ERI, 2018) судалгаагаар ашигт малтмалын экспортын асуудалтай холбоотой нэг бэрхшээл бол Монгол Улсад түүхий эдийн худалдааны платформ эсвэл зохион байгуулалттай ашигт малтмалын бирж байхгүй байгаа явдал юм. Ашигт малтмалын түүхий эдийн биржүүд нь маркетинг, санхүүгийн болон эрсдлийн менежментийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Хөрөнгийн бирж дээр арилжаалах нь зах зээлийн эцсийн үнийн өсөлтөд үйлдвэрлэгчдийн эзлэх хувь, борлуулалтын гэрээний ил тод байдал сайжирч, улсын төсвийн орлого нэмэгдэх гэх мэт олон давуу талтай байдаг. Монголын экспортлогчдын холбооноос хийсэн судалгаагаар (2013) тус улсад ашигт малтмалын түүхий эдийн бирж байгуулах боломжтой. Гэхдээ ашигт малтмалын түүхий эдийн бирж ашигтай байхын тулд Монгол Улс агуулах, ложистикийн төв, тээврийн дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулах ёстой. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын санхүүгийн үйлчилгээний хөгжлийн өнөөгийн түвшин, макро эдийн засгийн орчин нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад дутагдалтай байгааг анхаарч үзэх хэрэгтэй. Биржийг ажиллуулахад шаардлагатай арилжааны хөтөлбөр, сүлжээ, техникийн дэд бүтэц гэх мэт хүчин зүйлсийн бэлэн байдлыг хангахаас гадна ашигт малтмалын биржийн үйл ажиллагааг хянахын тулд олон тооны журам, удирдамж, хууль тогтоомжийг өөрчлөх, соёрхон батлах шаардлагатай байна. Гэсэн хэдий ч ашигт малтмалын түүхий эдийн биржийг хөгжүүлэх талаар Монгол Улсын хууль эрх зүйн орчин, төрөөс баримтлах бодлого тодорхойгүй, тогтворгүй байна. Шинэ бирж байгуулахад мэдээлэл сайтай худалдан авагч, ханган нийлүүлэгчдээс гадна чадварлаг боловсон хүчин шаардагдана. Эдгээр хэрэгцээт зүйлүүд бүгд хангалттай хөрөнгө оруулалт, техник эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулж, энэ хөрөнгө оруулалтыг засгийн газраас санхүүжүүлэх эсэх шийдвэрийг шаарддаг. Эцэст нь, урьд өмнө байгуулагдсан Монголын (хөдөө аж ахуйн) түүхий эдийн биржийн одоогийн үйл ажиллагааг өргөжүүлэх, ашигт малтмалын түүхий эдийн арилжаа хийх, аль хэдийн байгуулагдсан гадаадын ашигт малтмалын биржийг ашиглах зэрэг бусад боломжит хувилбаруудтай харьцуулж үзэх хэрэгтэй.